МУ-ын хөдөлмөрийн баатар Г.Данзандаржаа

Хуучин социалист тогтолцооны үед нэгдэл нийгмийн мал сүргийг өсгөх улсын төлөвлөгөөг давуулан биелүүлэх, сүү тосны тасагт сааль сүүг их хэмжээгээр авах бүх нийтийн хөдөлгөөн эрчимтэй өрнөж байлаа.

Тэр үед манай сумын Буян-Уул бригадад үхэрчид, саальчид жилийн жилд Хэрлэн голын дагуу хэдэн үхэр тугалтайгаа хөөцөлдөн хавар, зуныг өнгөрүүлдөг байв.

Олон түмний тэр их үйлсэд тэргүүлэн хөдөлмөрлөж байсан хүн бол Г.Данзандаржаа юм. 1924 онд Хэнтий аймгийн Баянхутаг суманд төрсөн. 1960-1984 онд үхэрчнээр ажиллаж сум, аймгийн олон удаагийн аварга, улсын аварга, улмаар 1976 онд хөдөлмөрийн баатар          болсон.

Г.Данзандаржаа гуай бол үнэхээр гавшгай хөдөлмөрч хүн байжээ. Нутгийн олон түмэн түүнийг “Даржаа баатар”, зарим нь бүр “Даяа” гэнэ.

Г.Данзандаржаа гуай их эртэч, ажилд шаламгай, цоохор даавуу алчуураар толгойгоо ороож, үхэр тугал, сааль сүүний ажилд ямагт оролцон, өөрөө хүүхдүүдтэйгээ хамт үнээ сааж, эхнэр Цэнддээ их нэмэр болдог байсан.

Тэднийх нэг удаагийн саалтаар 3-4 бидон (40-ийн) сүүг тасагт өгч, төлөвлөгөө нормоо олон зуун хувь давуулан биелүүлж иржээ.

МАХН-ын XVII их хурал дээр /1976 он/, тэрээр “Би малч ажиллагаагаар тийм төгс” гэж өөрийгөө хэлэхгүй. Манай аймагт тэргүүний туршлагатай, нэр цуутай шилдэг үхэрчин, саальчин олон бий.

Тэд нарын ажлын арга туршлагаас байнга суралцан ажилдаа нэвтрүүлж ажиллахыг эрхэмлэдэг” гээд “зургадугаар таван жилд миний бие жил бүр 200-гаас доошгүй үнээ төллүүлж, нийтдээ нэг мянгаас доошгүй тугал бсйжуулж, үйлдвэрлэлийн даалгавраас 300 гаруй тугал давуулан өсгөнө.

“Энэ бол эх орон ард түмэндээ намын гишүүн миний барих бэлэг болно” гэж амлажээ. Үнэхээр ч Г.Данзандаржаа гуай хэлсэн амласнаа бүрэн биелүүлж хөдөлмөр бүтээлийн бахдам амжилт үзүүлсэн билээ.

Монгол улсын хөдөлмөрийн баатар Г.Данзандаржаа гуай их ажигч гярхай, арга туршлага сайтай малчин байв.

Нэг жишээ дурьдвал, тэрээр ярихдаа: “Муу ургамал" гэж байдаггүй. Хамгийн муу хамхуул өвс гэхэд л 15 хоног, харахад илүүдсэн хазаар өвс гэхэд л 10 хоногт ашиг шимээ дээд зэргээр өгдөг. Өлөн хэрэггүй гэлцдэг. Тийм биш ээ. Үхэр сүрэгт хээлтүүлгийн үед хэрэгтэй ганц ургамал бол өлөн өвс мөн” гэжээ.

1981 оны III сард Монгол хүн анх сансарт нисэхэд Г.Данзандаржаа гуай Монголын мянга мянган малчдыг төлөөлөн тэр үеийн ЗХУ-ын нийслэл Москва хотыг зорьж, Ж.Гүррагчааг Байконуурын сансрын буудлаас үдэж байгаа тухай “Оддын ахан дүүс” баримтат кинонд тодорхой харуулдаг.

Малчин хүн сансрын нисэгчдийн хотхонд очиж, сансрын аварга хөлөг, түүний хөөрөхийг нүдээрээ үзнэ гэдэг ховорхон аз завшаан, хоёр сая Монголчуудад олон тохиолдохгүй учрал байв. Зах зээлийн хүнд нөхцөлд Г.Данзандаржаа гуай аймгийн төвийн ойролцоо нутаглаж, сүү цагаан идээгээ борлуулан жижиг бизнес эрхэлж байсан ажээ. Угийн ажилсаг, хэрсүү хүн аль ч цагийн өнгөнд ажиллаж, амьдрах овсгоотой, олны жишгээс дутахгүй гэдгийг Г.Данзандаржаа гуай харуулж чадсан юм.

2022-06-09 00:00:00