ХЭНТИЙ АЙМГИЙН БАЯНХУТАГ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН
ТАМГЫН ГАЗРЫН ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ
НЭГ. Нийтлэг үндэслэл
-
- Засаг даргын тамгын газар /цаашид “Байгууллага” гэх/-ын Хөдөлмөрийн дотоод журам /цаашид “Дотоод журам” гэх/ нь байгууллагын дотоод үйл ажиллагааг зохион байгуулах, захиргаа болон албан хаагчийн хооронд үүсэх хөдөлмөрийн харилцааг зохицуулах үндсэн баримт бичиг мөн.
- Дотоод журмаар байгууллагын үйлчилгээний стандартыг хангуулах, өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах, захиргаа албан хаагчийн хооронд үүсэх хөдөлмөрийн харилцааг зохицуулж, албан хаагчийн эрх үүрэг, хариуцлагыг тодорхойлох, албан тушаалд томилох, албан тушаал дэвшүүлэх, албан тушаалаас түр чөлөөлөх, чөлөөлөх, албан тушаал бууруулах, халах, тэдний хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, мэргэжил дээшлүүлэх, давтан сургах үйл ажиллагааг төлөвлөх, тайлагнах, үр дүнг тооцох дүгнэх арга хэлбэрийг тогтоох, шагнаж урамшуулах, хариуцлага хүлээлгэх болон тусламж, тэтгэмж олгохтой холбогдсон байгууллагын захиргаа, албан хаагчийн хооронд үүсэх харилцааг зохицуулна.
- Байгууллага нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн хууль, Захиргааны ерөнхий хууль, Авлигын эсрэг хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоол, Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоол, Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоол болон, Баянхутаг сумын Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй уялдуулан ажлаа төлөвлөж, төрийн албан хаагчид нь гүйцэтгэлийн төлөвлөгөөний хүрээнд ажиллаж бусад хууль тогтоомж, дүрэм журам болон энэ дотоод журмыг дагаж мөрдөнө.
- Дотоод журмыг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлыг байгууллагын дарга хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэж, байгууллагын нийт албан хаагчид дагаж мөрдөх бөгөөд журмын хэрэгжилтэнд байгууллагын дарга өдөр тутам хяналт тавина.
ХОЁР. Байгууллагын бүтэц, удирдлага, зохион байгуулалт
2.1. Байгууллага нь Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 13 дугаар тогтоолоор баталсан бүтэц, орон тоогоор ажиллаж, энгэрийн тэмдэг, ажлын үнэмлэх хэрэглэнэ.
2.2. Байгууллагын удирдлагад Засаг дарга, Засаг даргын орлогч, Засаг даргын Тамгын газрын дарга хамаарна.
2.3. Засаг дарга, Засаг даргын орлогч байгууллагыг ерөнхий удирдлагаар, Байгууллагын дарга өдөр тутмын удирдлагаар зохион байгуулж, төлөөлнө.
2.4. Байгууллагын албан хаагч нь албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, гүйцэтгэлийн төлөвлөгөөг байгууллагын даргын өмнө, байгууллагын дарга Засаг даргын өмнө бүрэн хариуцна.
ГУРАВ. Байгууллагын дотоод үйл ажиллагаа,
ажлын зохион байгуулалт
3.1. Байгууллагын дарга нь хууль тогтоомжид нийцүүлэн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой тушаал гаргана.
3.2. Байгууллага нь улиралд 1 удаа шуурхай зөвлөгөөн хийж, өнгөрсөн хугацааны гүйцэтгэсэн ажил, явцын талаар мэдээлэл сонсож, цаашид гүйцэтгэх ажил, үйл ажиллагаа болон арга хэмжээг товлоно, цаг үеийн асуудлаар тухай бүр хуралдаж болно.
3.3. Нийт албан хаагчид Төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем /www.erp.e-mongolia.mn/-ийг албан ажилдаа тогтмол хэрэглэнэ.
3.4. Албан хаагч өвчтэй, чөлөөтэй, томилолттой тохиолдолд яаралтай шийдвэрлэх шаардлагатай албан бичиг, материалыг орлон ажиллах албан хаагчид хүлээлгэн өгнө. Бусдын ажил үүргийг орлон гүйцэтгэх үеийн ажлын гүйцэтгэлийг орлон ажиллаж буй албан хаагч бүрэн хариуцна.
3.5. Шаардлагатай тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх, үйлчилгээний албан тушаал хавсран ажиллах асуудлыг шийдвэрлэнэ.
3.6. Байгууллагад төрийн захиргааны албан хаагч болон төрийн үйлчилгээний албан хаагчдын ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх үүрэг бүхий “Ёс зүйн зөвлөл” ажиллана. Ёс зүйн зөвлөл нь тухайн асуудлыг хуралдаанаараа авч хэлэлцээд олонхын саналаар тухайн асуудлыг шийдвэрлэнэ.
3.7 Дотоод хяналтын нэгжийг байгууллагын даргын шийдвэрээр томилж холбогдох хууль, журмын хүрээнд үйл ажиллагаа явуулна.
3.8. Байгууллагын дарга нь албан хаагчдаас сургууль, дамжаа, гадаадад сургалтанд хамруулах, тэтгэмж, тусламж өгөх, албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээнд үндэслэн цалин хөлс, зэрэг дэв, ур чадвар, мэргэшлийн зэрэг болон бусад нэмэгдэл олгох, шагнал урамшуулал олгох, сахилгын шийтгэл ногдуулах зэрэг асуудлаар шийдвэр гаргана.
3.9. Захирамж, тушаал, албан тоот, шийдвэрийн төслийг тухайн асуудал хариуцсан албан хаагч боловсруулж, удирдах албан тушаалтнаар хянуулан албажуулна.
ДӨРӨВ. Байгууллагын ажлыг төлөвлөх, тайлагнах, үнэлэх,
мэдээлэх, гүйцэтгэлийн төлөвлөгөө батлуулах
4.1. Байгууллага ажлаа жилээр төлөвлөж, биелэлтийг хагас жил, бүтэн жилээр дүгнэнэ.
4.2. Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг тухайн жилийн 01-р сарын 05, Нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг 01-р сарын 07, Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг 01-р сарын 10-ны дотор батлаж хагас бүтэн жилээр дүгнэнэ.
4.3. Төрийн жинхэнэ албан хаагчдаас бусад албан хаагчдийн жилийн ажлын төлөвлөгөөг 01-р сарын 10-ны дотор батлаж улирал бүр дүгнэнэ.
4.4. Байгууллага, нэгж, албан хаагчийн тухайн жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, ажлын төлөвлөгөөнд эсхүл хөдөлмөрийн гэрээнд ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх, нэгдсэн сургалт зохион байгуулах, түүнд хамрагдах үүргийг тусгаж, ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой санал асуумжыг жилд нэгээс доошгүй удаа авч, үр дүнг үндэслэн дараа жилийн байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд холбогдох арга хэмжээг тусган хэрэгжүүлнэ.
ТАВ. Тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэх, хадгалах, хамгаалах, баримт бичиг хувилах, албан хэрэг хөтлөх, архивын нэгж үүсгэх.
5.1. Байгууллага нь холбогдох хууль тогтоомжийн дагуу батлагдсан тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд төрийн албан хэрэг хөтлөлт, архивын үндсэн зааврыг мөрдөж ажиллана.
5.2. Байгууллагын тамга, тэмдэгийг байгууллагын дарга түшнэ.
5.3.Албан хэргийн хэвлэмэл хуудсыг хэрэглэх, хадгалах, хамгаалах, бичиг баримтыг боловсруулах, албан хэрэг хөтлөх, хувилах, архивын нэгж болгох, тэдгээрийг албажуулах, ёсчлох үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрхлэн явуулна.
ЗУРГАА. Иргэнийг ажилд томилох, ажилд авах, ажлаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах
6.1. Төрийн жинхэнэ албанд Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан нийтлэг шаардлагыг, 23 дугаар зүйлд заасан тусгай шаардлагыг, 26 дугаар зүйлд заасан үндсэн шалгуурыг хангасан Монгол улсын иргэнийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд томилно.
6.2. Төрийн үйлчилгээний албан тушаалын сул орон тоог 7-оос доошгүй өдөр олон нийтэд зарлаж, сонгон шалгаруулсны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ байгуулан томилно. Төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдож буй албан хаагчийг гурван сар хүртэл хугацаагаар туршилтын журмаар ажиллуулж болох ба энэ тухай хөдөлмөрийн гэрээнд тусгаж өгнө.
6.2.1. Байгууллагын дарга нь төрийн үйлчилгээний албан тушаалд туршилтын хугацаанд томилогдсон ажилтнаар тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан ажлуудыг биечлэн гүйцэтгүүлж, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган хамтран ажиллах ба мэргэшил, ур чадвар нь хуулиар хүлээх үүргээ биелүүлэхэд хангалттай гэж үзвэл туршилтын хугацаа дуусмагц албан тушаалд жинхлэн томилно.
6.2.2. Туршилтын хугацаанд албан үүргээ хангалтгүй биелүүлсэн ажилтныг мэргэшил, ур чадварын хувьд тухайн албан тушаалд тэнцэхгүй гэж үзэн үүрэгт ажлаас нь чөлөөлнө.
6.3. Албан хаагчийг энэхүү журамд заасан “НОЦТОЙ ЗӨРЧИЛ” гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар ажлаас халах болон сахилгын шийтгэл ногдуулна.
6.4. Төрийн жинхэнэ албан хаагчийг холбогдох хууль, журмын хүрээнд чөлөөлж, түр чөлөөлж, хална. Ажлын байрыг хүлээлгэн өгч буй албан хаагч нь тушаалд заасан хугацаанд ажлаа цахим болон цаасан хэлбэрээр хүлээлгэн өгч, хариуцаж байсан эд хөрөнгийг бүртгэлийн дагуу тооцоо нийлж хүлээлгэн өгнө.
6.5. Байгууллагын дарга нь бүх албан хаагч болон шинээр ажилд орсон албан хаагчаар ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой асуумжийг бөглүүлж, ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой гомдол гаргах үе шат зураглалыг танилцуулж, тэмдэглэл үйлдэж гарын үсэг зурж баталгаажуулна.
6.6. Байгууллага нь албан хаагчтай гүйцэтгэлийн төлөвлөгөө эсхүл хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа бусдыг хүсээгүй, зөвшөөрөөгүй байхад бэлгийн сэдлээ үг хэлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлж, ажлын байрны бэлгийн дарамт үйлдсэн бол ноцтой зөрчилд тооцож гэрээг цуцлахаар тусгана.
Долоо. Ажлын, амралтын цагийн горим
7.1. Долоо хоногийн ажлын цаг нь 40 хүртэл байна. Ажлын өдрийн үргэлжлэл 8 цаг байна.
7.2. Ажлын цаг 08.30 цагт эхэлж, 17.30 цагт дуусна. Үдийн завсарлага 12:30-13:30 цагийн хооронд байна.
7.3. Албан хаагчийн ажлын цаг ашиглалт, ирцийн байдалд байгууллагын дарга хяналт тавина. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, хожимдсон тохиолдолд ажилласан цагийн тооцоог үндэслэн баталгаажуулж нийт цагийн балансаас цалинг хасч тооцно.
7.4. Албан хаагчийн ажилласан цагийн бүртгэлийн тооцоог цаг бүртгэгч ажилтан нэгтгэж байгууллагын даргаар хянуулан баталгаажуулж, нягтлан бодогчид цалин олгох хугацаанаас 3-аас доошгүй хоногийн өмнө хүлээлгэн өгнө.
7.5. Байгууллага нь нийт албан хаагчдын ажил, ар гэрийн тэнцвэрийг хангах зохион байгуулалтын арга хэмжээг хариуцан зохион байгуулж, холбогдох хууль тогтоомж, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж ажиллана.
НАЙМ. Байгууллагын удирдлага, албан хаагчийн эрх үүрэг
8.1. Байгууллагын удирдлагын эрх:
8.1.1. Албан хаагчаас Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомж, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм, энэхүү дотоод журам, албан тушаал /ажлын байр/-ны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ болон гүйцэтгэлийн төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ хугацаанд нь чанартай, бүрэн гүйцэтгэхийг шаардах, хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэх:
8.1.2. Байгууллагын эд хөрөнгө, албаны тоног төхөөрөмж, хэрэгслийг зааврын дагуу хэрэглэх, ашиглалт, хамгаалалтыг сайжруулахыг шаардах:
8.1.3. Албан томилолтын удирдамжид заасан үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй албан хаагчийн томилолтын зардлыг өөрөөр нь бүрэн төлүүлэх.
8.1.4. Хууль тогтоомж, эрх зүйн актад заасан бусад бүрэн эрх.
8.1.5. Ажил олгогч нь хөдөлмөр эрхлэлтийн бодлого, хөдөлмөрийн харилцааг жендэрийн ялгаварлан гадуурхалтаас ангид байлгах, ажлын байранд жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 –т заасан үүрэг хүлээнэ.
8.1.6. Ажил олгогч нь ажлын байранд бэлгийн дарамт гарахаас урьдчилан сэргийлэх, бэлгийн дарамтыг үл тэвчих орчныг бүрдүүлэхэд чиглэсэн сургалт, давтан сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, үр дүнг нээлттэй мэдээлэх талаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т заасан үүрэг хүлээнэ.
8.1.7. Ажил олгогч нь ажлын байрны бэлгийн дарамт, хүчирхийлэлтэй холбоотой гомдол, мэдээллийг холбогдох хууль тогтоомж, журам болон энэ журамд заасан нөхцөл журмын дагуу хүлээн авч шийдвэрлэх үүрэгтэй.
8.2. Байгууллагын үүрэг:
8.2.1. Албан хаагчийн ажлын ачааллыг жигдрүүлэх, давхардлыг арилгах зорилгоор албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтыг боловсруулан баталж, мөрдүүлэх.
8.2.2. Ажлын цагийн бүртгэл хөтлөх, цалингийн хэмжээг хууль тогтоомжид заасан жишгийн дагуу тогтоох, албан тушаалын ангилал, зэрэглэлд тохирсон цалин хөлсийг тухайн сарын 25-ны дотор олгох.
8.2.3. Албан хаагчийн нийгмийн баталгааг хангах, тэдний мэдлэг, мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх ажлыг төлөвлөгөөтэйгээр хэрэгжүүлэх.
8.2.4. Албан хаагчийн ажлын байр, ажил үүргээ гүйцэтгэхэд шаардагдах зүйлсээр хангах, хөдөлмөр хамгааллын болон бусад зааварчилгаа өгөх, сургалт явуулах, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдал, ажлын байрны нөхцлийг бүрдүүлэх.
8.2.5. Албан хаагчдын амралт, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх арга хэмжээг төлөвлөгөөтэйгээр зохион байгуулах.
8.2.6. Ажилтанд ажлын жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ, ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтыг биеэр эдэлж чадаагүй ажилтанд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу мөнгөн урамшуулал олгоно.
8.2.7. Ажлын зайлшгүй шаардлагаар албан томилолтын хугацаа хэтэрсэн тохиолдолд томилолтын зардлын зөрүүг нөхөж олгох, илтгэх хуудсаар тодорхой тайлбар авах.
8.2.8. Хүний нөөцийн бодлого, хөдөлмөрийн харилцааг жендерийн ялгаварлан гадуурхалтаас ангид байлгах, ажлын байранд жендерийн эрх тэгш байдлыг хангах, аливаа дарамт шахалтаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа явуулах.
8.2.9. Хууль тогтоомж, эрх зүйн актад заасан үүрэг.
8.3. Албан хаагчийн эрх:
8.3.1. Ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа болон техник хэрэгслээр хангагдах:
8.3.2. Аливаа хууль бус шахалт болон ажлын байрны дарамтад өртсөн гэж үзвэл өөрийн хууль ёсны эрх ашиг, сонирхлоо хамгаалуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах.
8.3.3. Албан тушаалын ангилал зэрэглэлд тохирсон цалин хөлс авах, хууль тогтоомжид зааснаар цалин хөлсөө нэмэгдүүлэх, албан тушаалын зэрэглэлээ ахиулах, ажиллах нөхцөлөө сайжруулахтай холбогдсон санал гаргах.
8.3.4. Тодорхой асуудлаар өөрийн санал, байр сууриа амаар болон бичгээр гаргах.
8.3.5. Үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин, ур чадварыг шалгасан дүн, материалтай биечлэн танилцах.
8.3.6. Хууль тогтоомж, энэ журамд заасны дагуу ээлжийн амралт эдлэх, чөлөө авах.
8.3.7. Мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах.
8.3.8. Хууль тогтоомж, эрх зүйн бусад актад заасан эрх, баталгаагаар хангагдах.
8.3.9. Ажилтан, алба хаагчид нь аливаа төрлийн хүчирхийлэл, бэлгийн дарамтын асуудлаар мэдээлэл авах сургалтанд хамрагдах, энэ талаарх ажил олгогчийн үүргийн хэрэгжилтийг шаардах эрхтэй.
8.4. Албан хаагчийн үүрэг:
8.4.1. Удирдах албан тушаалтны хуульд нийцсэн тушаал, шийдвэр, шаардлагыг болон албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, шийдвэрийг цаг тухайд нь бүрэн биелүүлэх, биелэлтийг тухай бүр тайлагнах.
8.4.2. Эрхэлсэн ажилдаа идэвх санаачилгатай хандаж, мэдлэг, мэргэшил, ур чадвараа байнга дээшлүүлж, ажилд ирэх, явах цагаа бүртгүүлж, ажлын цагийг баримталж, үр бүтээлтэй ажиллах.
8.4.3. Ажил үүргийн дагуу мэдсэн төрийн болон байгууллага, хувь хүний нууцыг төрийн алба хаах хугацаандаа болон чөлөөлөгдсөний дараа чанд хадгалах, бусдад задруулахгүй байх .
8.4.4. Хариуцсан эд хөрөнгө, техник хэрэгсэлд засвар үйлчилгээ болон цэвэрлэгээ хийж, өөрийн буруугаас учруулсан хохирлыг нөхөн төлөх, зохих журмын дагуу хэрэглэх, галын аюулгүй ажиллагааг цаг ямагт сахих.
8.4.5. Албан хаагчийн хувийн хэрэгт бүртгэгдсэн мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд байгууллагын даргад тухай бүр мэдэгдэх.
8.4.6. Ажлын байранд архи, тамхи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх буюу ажлын байранд ажил хийх чадамжтай хүрэлцэн ирэх.
8.4.7. Байгууллагын хэмжээнд ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой хэрэгжүүлж буй дүрэм, журмыг сахин биелүүлэх, холбогдох сургалтад хамрагдах, байгууллага дотроо болон бусад харилцагч байгууллагын ажилтан, алба хаагч, үйлчлүүлэгч нарт бэлгийн дарамт үзүүлэхгүй байх үүрэгтэй.
8.4.8. Хууль тогтоомж, эрх зүйн бусад актад заасан үүрэг.
ЕС. Амралт, чөлөө, түр чөлөө, тэтгэмж, тусламж
9.1. Албан хаагчийн ээлжийн амралтын хугацааг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар тогтооно. Албан хаагч ээлжийн амралттай байх хугацаанд ажлын зайлшгүй шаардлагаар ажиллах бол байгууллагын удирдлагад мэдэгдэн цаг бүртгэгч ажилтанд бүртгүүлж, нөхөн амрах хугацааг байгууллагын удирдлагатай санал солилцож шийдвэрлэнэ.
9.2. Албан хаагч өөрийн хүсэлтээр ээлжийн амралтыг тухайн жилдээ багтаан хэсэгчлэн эдэлж болно. Ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш ЗУРГААН САР ажилласан бол ээлжийн амралт эдлэх эрх үүснэ.
9.3. Албан хаагчийн чөлөө хүссэн шалтгаан нөхцлийг нь харгалзан дараах байдлаар чөлөөг олгоно
Чөлөө олгох албан тушаалтан
|
Чөлөө олгох хугацаа
|
Чөлөө олгох баримт бичиг
|
Байгууллагын дарга
|
Ажлын 6 өдрөөс хуанлийн 30 хүртэл өдөр
|
Тушаал
|
Байгууллагын дарга
|
Ажлын 1-5 хүртэл өдөр
|
Чөлөөний хуудас
|
9.4. Байгууллагын удирдлага болон албан хаагч хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирэх бололцоогүй тохиолдолд шууд харьяалах албан тушаалтанд чөлөө авах талаар урьдчилан мэдэгдэнэ мөн эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлын байран дээр ирж ажиллах боломжгүй болсон албан хаагч нотлох бичиг баримтыг байгууллагад хүргүүлэх ба тухайн албан хаагчийн цалинг эмнэлгийн магадлагааг үндэслэн холбогдох журмын хүрээнд нийцүүлэн олгоно.
9.5. Албан хаагчийн хүсэлт, нөхцөл байдлыг харгалзан 6 хоногоос дээш хүртэл хоногийн чөлөөг цалингүй, 1-5 хүртэл хоногийн чөлөөг цалинтай олгох эсэхийг шийдвэрлэх бөгөөд ийнхүү олгосон чөлөө нь тухайн жилд 5 хоногоос хэтрэхгүй байна. Албан хаагчийн хүүхдийн төрсөн өдрөөр 1 өдрийн цалинтай чөлөө олгоно.
9.6. Энэ дотоод журмын 9.5-д заасан цалинтай чөлөө гэдэгт албан тушаалын үндсэн цалинг олгоно.
9.7. Байгууллагын даргын шийдвэрийн дагуу 90 хүртэл хоногийн хугацаагаар төрийн хөрөнгөөр болон байгууллагын захиалгаар давтан сурах, мэргэжил дээшлүүлж байгаа албан хаагчид, албан тушаалын цалинг олгоно.
9.8. Хувийн зардлаар суралцах албан хаагчийн чөлөөний хугацаа сард ажлын 40 цагаас хэтрэхгүй тохиолдолд байгууллагын даргын санал, ажлын ачааллыг харгалзан албан тушаалын цалинтай чөлөө олгож болно.
9.9. Дор дурдсан нөхцөлд /хугацаагаар/ албан хаагчдад тусламж үзүүлнэ.
9.9.1. Албан хаагч, түүний гэр бүлийн гишүүн, төрөл садан /эцэг, эх, хадам эцэг, хадам эх, эхнэр, нөхөр, төрсөн ах, эгч, дүү, хүүхэд, өвөг эцэг, эмэг эх/-гийн хүн болон тус байгууллагад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад настан хүндээр өвдсөн, нас барсан тохиолдолд 200.000 / хоёр зуун мянган/ төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгож, тухайн шалтгаанаар алслагдсан нутагт очих тохиолдолд нэг талын замын зардлыг олгоно.
9.9.2. Ээлжийн амралтаараа алслагдсан өөрийн буюу эхнэр /нөхөр/-ийн төрсөн нутагт явах бол ирэх, очих замын зардлын нэг талыг, эсхүл эмнэлгийн байгууллагын шийдвэрээр дотоодын сувилалд сувилуулах ирэх, очих замын зардлын мөн нэг талыг автомашины тухайн үед мөрдөж байгаа энгийн үнэлгээгээр тооцож хоёр жилд нэг удаа олгоно.
9.9.3. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэнэтийн аюулд өртөн ар гэрт нь эд материалын хохирол учирсан нь тогтоогдсон бол тухайн албан хаагчид тусламж, дэмжлэг үзүүлнэ.
9.9.4. Нярай хүүхэд үрчлэн авсан эцэг, эхийн аль нэг нь хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнд хүүхдийг нь 60 хоногтой болтол хугацаагаар дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжтэй чөлөө олгоно. 2023-11-23 00:00:00