Сумын товч танилцуулга

Хэнтий аймгийн Баянхутаг сум нь 1931 онд байгуулагдсан хуучнаар Сэцэн ханы гол хошуу. Баянхутаг сумын  Засаг захиргааны нэгж нь Хэрлэн голын сав газраас урагш 23 км-т, Улаан-Өндөрийн баруун урд энгэрт байрладаг  баруун зүүн тийш 170 км, хойноос урагш 70 орчим км үргэлжлэх уудам газар нутагтай
Монгол Улсын Засгийн газрын 1931 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар хурлын тогтоол, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 05 дугаар тогтоолоор орон нутгийн засаг захиргааны хоёр дахь үндсэн өөрчлөлт явагдахад тус Баянхутаг сум нь Хэнтий аймгийн анхны 27 сумын нэг болж Эрдэнэ сум нэртэй байгуулагджээ. Эрдэнэ уулын баруун хойд тохойд энэ сум үүссэн тул ийнхүү Эрдэнэ сум гэж нэрлэгдсэн байна. Эрдэнэ сумын анхны дарга нь Долцонгийн Сүрэн гэдэг эмэгтэй, дараа нь Даваагийн хас байв. Манай оронд шинэ эргэлтийн бодлогыг явуулж эхэлсэн 1932 онд хүн, малын улсын тоо бүртгэлээр тус суманд 625 өрх тоологджээ. Хүн амын тоо 2381 үүнээс эрэгтэй 1194, эмэгтэй 1187 байсан.
1932 оны өвөл Баянхутаг сумын төв нь Айргийн Овоотод өвөлжөөд цаашид 1938 он хүртэл нүүдлийн байдалтай байв.Тус сумын төв нь Эрдэнэ уул, Айргийн овоот, Зааюу, Ар худаг зэрэг газруудад төвлөрч байсан байна.
Засаг захиргааны нэгжийн хувьд Жаргалант, Улаан-Өндөр, Цантын хоолой гэсэн 3 багтай.  Сумын төв нь Чингис хотоос урагш 23 км –т Улаан-Өндөрийн энгэрт байрладаг.
Хэнтий аймгийн Баянхутаг сумын хилийн цэс нь БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1977 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 75 дугаар зарлигийн 2 дугаар хавсралтаар батлагдаж хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Мөрөн сумтай 73 км, хойд талаараа Хэрлэн сумтай 59 км, зүүн хойд талаараа Батноров сумтай 64 км, зүүн талаараа Баян-Овоо сумтай 25 км, зүүн урд талаараа Сүхбаатар аймгийн Мөнххаан сумтай 63 км, урд талаараа Галшар сумтай 111км, баруун талаараа Баянмөнх сумтай 16км тус тус хиллэнэ.  
Хэнтий аймгийн Баянхутаг сум 2024 оны байдлаар 2403 хүн, 909 өрхтэй байна. Нийт хүн амын 54 хувийг эрэгтэйчүүд, 46 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.
Тус сум 231879 толгой малтай, 3 багийн малын тоо 5 төрлөөр өмнөх жилээс өссөн байна.

2022-04-23 15:25:54