1954 онд Баянхутаг сумын малчин ард Түмэнбаярын Хандын 4 дэх хүү болж төрсөн. 1975-1979 онд МУИС-ийн түүхийн ангид суралцаж, түүхч, түүхийн багшийн мэргэжил эзэмшин, онцсайн дүнтэй төгсөж, улаан дипломыг Дондогийн Цэвэгмид гуайн гараас авч байлаа. 1979 оноос МУИС-ийн түүхийн тэнхимд багшаар томилогдон эдүгээ хүртэл нийт 32 жил ажиллаж байна. 1993 онд өөрийн нутгийн уугуул, нэрт эрдэмтэн Л.Бат- Очир багшийн удирдлагаар “Бэлчээр нутаг сонгох ардын уламжлалт арга ухаан, орчин үе (дорнод тал хээрийн бүсийн жишээн дээр)“ гэсэн сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаалж, 1995 онд дэд профессор цол хүртсэн. Би МУИС-иас гадна төрийн болон төрийн бус өмчийн 16 их, дээд сургуульд багшилж, хэд, хэдэн их, дээд сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Нийтдээ 100 гаруй эрдэм шинжилгээний бүтээл гаргаснаас 20 ном, илтгэл, өгүүлэл олныг туурвисан. Миний бие дэлхийн түүх, түүний дотор Ази Африкийн орнуудын түүх, Монголын түүх, Орон нутаг судлал, Монголын эдийн засгийн түүх, Эдийн засгийн сэтгэлгээний түүхээр мэргэшиж, олон мянган шавь нарыг сурган хүмүүжүүлж, улс орныхоо хөгжил дэвшилд тодорхой хувь нэмэр оруулж явна. Би сүүлийн жилүүдэд намтар судлалаар хэд, хэдэн бүтээл гаргасан. Тухайлбал, Артын мэргэн бандид Балбарын Жамьяндамбийням: амьдрал, хувь заяаны төөрөг, Эх оронч Ч.Шаарийбуу: Өргөсөн тангарагтаа үнэнч эрэлхэг баатар, одоо бичиж байгаа “Өвгөн Д. Жамсранжав- нэрт ухуулагч, нийгмийн зүтгэлтэн“ зэрэг номыг дурдаж болно. Дэлхийн түүхийн чиглэлээр биеэ даасан хорь гаруй бүтээл бичсэн. “XVI зууны Европын түүх”, “XX зууны дэлхийн түүх”, “Дэлхий дахины түүх” сурах бичгийн хамтын зохиогчоор оролцжээ.
2022-06-23 00:00:00