Иргэдийн төлөөгчдийн хурлын даргын мэндчилгээ

Өнө эртний буурал түүхийн үеэс үед уламжилж, өвөг дээдсийг маань залгамжлан, угсаа гарвал, удмын хэлхээ нэгтэй, амьдрал хувь заяаны нэгдмэл шүтэлцээтэй, алтан нутгийн малч, ажилч хичээнгүй нүүдэлчдийн үе, үеийнхний төлөөлөл болсон бүх ард иргэддээ, тэдний үр сад, ач, гуч, жич та бүхнийхээ өмнө мэхийн ёслож, ерөөл буяны алд цэнхэр хадаг дэлгэн мэндчилж байна.  Хотол олны маань унаган нутаг – хорвоод ганцхан Баянхутаг сумаас өөрийн монголдоо төдийгүй, өгөөмөр дэлхий дахинаа алдаршсан гайхамшигт сод хүмүүс олон арваараа тодорч, нутаг усныхныхаа нэр алдрыг цуурайтуулан, үе залгамжлан бусдад үлгэр дуурайл болж, өнөө үеийнхний гойд бахархал, өвөг түүхийн тод гэрч, өсвөр багачуудад сургамж болж байгааг онцлон тэмдэглэхэд бид бүхэнд нэн таатай байна. Бид оргилуун хүсэл тэмүүлэл, онцгой хөдөлмөрч чанартай, олсон ололт амжилт ихтэй, хийж бүтээсэн үйлс нь өөдрөг, хэлж ярих нь хийморь золбоолог, бадрангуй зүтгэлтэй хүүхэд залуучуудаараа бахархаж, тэднийхээ түүчээлснээр дэлхийд дэвжин хөгжих сайхан ирээдүйтэй билээ. Та бидний өмнө хөгжил дэвшлийн асар их зорилго дэвшигдэж, ахуй амьдралын нөхцөлөө эрс өөрчилж, ажил хөдөлмөрийг үнэнхүү шүтэж, арга туршлагаа харилцан солилцож, төрсөн нутаг орноо хөгжүүлэх, түмэн олныхоо амьдралын чанарыг эрс сайжруулах бодит шаардлага тулгарч байна. Баянхутаг буян өгөөжөө хайрласан нутаг, Баянхутагчууд хийморьлог, бүтээлч, золбоолог ард түмэн. Та бүхэндээ сайн сайхан бүхний дээдийг хүсэж, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээл, амар түвшин амьдралын ерөөлийг өргөн дэвшүүлье.

Хүндэтгэсэн Хэнтий аймгийн Баянхутаг сумын ИТХ-ын дарга Д.Цолмон

2025-01-02 00:00:00