ХЭНТИЙ АЙМАГ БАЯНХУТАГ СУМЫН “БАЯН” ХАЙРХАНЫ ДОМОГ

Төрсөн нутгаас эх орон эхтэй, төрсөн нутгаа мэдэхээс танин мэдэх их үйлс эхлэлтэй.

Эрт дээр үеэс Баян уулын маань бага хүү нь Борхүү уул, Баяны туслах түшмэл Далангийн уул, Баяны бие хамгаалагч хөлчүү зоригт эр Хөхчулуун уул түүний ундаа болох Сондуултын болон энгэрийн олон булаг рашаанууд байдаг. Баяны эрхэт дархан том хүү нь эхнэр авахаар цагаан тэмээгээ хөллөөд барлаг зарцаа дагуулаад тогоо шанагаа рашаан ус аваад өгөөмөр сэтгэлтэй баян чинээлэг жаргалтай сайхан амьдрахаар баруун хойш мордсон гэсэн. Тэр нь одоогоор Барлагийн уул, Цагаан тэмээт, тогоотын уул, Баян Эрхэтийн уул, Өгөөмөр уул, Сайн ус рашаан, Төгрөг жаргалант, Шанаган, Их бага баян, Зүүн баруун дунд баян, Хөхөл хайрхан, Хэрлэн гол, хөдөө, голын эрээн болон тогтсон. Баяны том охин Буяндэлгэр нь өрх тусгаарлаж зүүн хойш мөнхөд баян чинээлэг амьдрахаар хашаа хашаагаар дүүрэн малтай үнэт эрдэнэстэй, хоол хүнстэй хаалга үүдээ харуул хамгаалалтаар хамгаалуулсан үеийн үед хүрэлцэхүйц хөрөнгөтэй түмэн олонтойгоо бэлэг дэмбэрэлтэй жаргалтай амьдрахаар явсан юм гэсэн. Тэр нь одоогоор Мөнхөтийн уул, Баян-Өндөр, Баруун зүүн хашаат, Буян уул, Адуун чулуу, Өндөр хаалга, Навтгар хаалга, Эрдэнэ уул, Баянхүрээ уул, Баянхутаг уул, Түмэн дэмбэрэл хайрхан, Бор хоолойн говь, Заан ширээ, Жаргалант, Харуулын уул, Зүүн тарган болон оршин тогтсон домогтой болой. Баяны шавалхан таван хүү томдсон гуталтай ижилхэн халтар морьд унаад Хайрхан  чулуу, дэлгэрийн хөндий олон нуур хаяа улаан нуур, Төхөм, Хөөврийн говиор эрхэлж тоглож давхисаар байгаад эргэж ирэлгүй зүүн урдаа суурьшсан болой. Энэ нь одоогоор Хөөврийн говь, төхөм, Таван уул, гутлын уул, Хаяа улаан нуур, Олон нуур, Дэлгэрийн хөндий, Хайрхан чулуу, халтар морьт болон тогтсон домогтой. Баяны удаах хүү Хавтгай нь хувь хишгээ хав дарсаар байгалийн баялагаа өөртөө шингээгээд ирээдүйд та бүхэнд хэрэгтэй баяжихын үүд хаалга баруун урдаа гээд тогтсон болой. Тэр нь одоогоор Тал булаг, эмчийн булаг, Хавтгай уул, тарвагат, цайдам, Цантын овоо болон тогтсон домогтой. Иймээс энэ газар ус ууланд сайн сайхныг бэлэгдсэн ийм сайхан бэлэгшээл оршино. Манай нутаг рашаан ус, байгалийн баялаг, хөндий дүүрэн мал сүрэгтэй, хүн ард нь урт насалж удаан жаргал эдэлсэн, баян чинээлэг оюунлаг, хийморьтой, бөх, морь, сураар алдартай эрийн гурван наадамтай, Урлаг, спорт, хөдөлмөрөөрөө Монгол болон Дэлхийд гайхагдсан ухаантай авьяастай алдартнуудаараа нутгийн зон олон бид нар бахархаж явдаг билээ. Бичсэн: Баянхутаг сумын Засаг дарга асан Г.Энхбат         

2023-01-31 00:00:00